"Бизнес эрхлэгчид вэбсайт хийлгэхдээ гаргадаг түгээмэл алдаанууд – Та үүнээс зайлсхийж чадна!" 🚀
- tamir428
- Feb 20
- 4 min read
Одоо үед бизнесүүд вэбсайттай байх нь зайлшгүй шаардлага болсон. Гэхдээ вэбсайтаа ямар зорилгоор ашиглах, таны гол хэрэглэгчид хэн байх зэргийг бүрэн тодорхойлоогүйгээс үүдэн, захиалагч болон гүйцэтгэгчийн хооронд үл ойлголцол үүсэх, төсөл хугацаандаа дуусахгүй байх, эцсийн үр дүн хүлээлтээс зөрөх гэх мэт маш олон асуудлууд үүсэх нь элбэг.
Ингээд нэг талаас хүсэл нь дуусдаггүй, төслөө хүлээж авдаггүй, гэрээний төлбөрөө төлдөггүй гэх захиалагч, нөгөө талаас чадваргүй, ажлаа дуусгаж өгдөггүй, дахиад жоохон нэмэлт өөрчлөлт хийлгэе гэхээр мөнгө нэхдэг хөгжүүлэгч хувь хүн, компани болон үлдэж байгаа юм.
Монголд вэбсайт хөгжүүлдэг, угсардаг, маш олон хувь хүмүүс болон компаниуд бий. Үнийн хувьд ч харьцангуй зөрүүтэй байх нь элбэг.
Олон улсын зах зээлд аль хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн платформуудаас сонголтоо хийж, тэрхүү платформыг арван хуруу шигээ мэдэж ашигладаг, хувь хүн болон компаниар вебсайтаа бүтээлгэх үү? эсвэл дизайнертай, хөгжүүлэгчидтэй, бизнесийн шинжээчтэй багтай хамтран ажиллаж цоо шинээр зөвхөн өөрийн бизнестээ зориулж хөгжүүлэлт хийлгэх үү гэдэг нь таны сонголт юм.
Бизнес эрхлэгчдийн гаргадаг нийтлэг алдаа нь төрийн тендер сонгон шалгаруулж буй мэт хамгийн хямд үнэтэй хувилбар буюу хувь хүнтэй гэрээ байгуулахыг илүүд үздэг явдал юм. Вэбсайтыг цоо шинээр код бичиж, хөгжүүлж, бүтээх нь зөвхөн нэг хөгжүүлэгчийн хийх зүйл биш гэдгийг та сайтар ойлгох хэрэгтэй. Бизнесийн шинжээч болон дизайнерын тантай хамтран тодорхойлж, таны эцэслэн баталсан хувилбарыг амилуулдаг хүмүүс нь хөгжүүлэгчид юм шүү.
За тэгээд вэбсайтаа хаана, ямар серверийн орчинд байрлуулах, мэдээллийн аюулгүй байдлын бодлого чинь ямар байхаас эхлээд бодох шийдэх зүйлс ихтэй.
Сүүлийн үед онлайн худалдааны вэбсайт, гар утасны апп-тай болохыг зорьж буй бизнесүүдийн тоо хурдацтай өсч байна.
Та ч мөн вэбсайт хийлгэхээр төлөвлөж байгаа бол дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулахыг хүсье. Мөн вэбсайттай болох амархан ч түүнийг тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагаатай, шаардлагатай тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой байлгахад анхаарах нь хамгийн чухал юм шүү.
1. Вэбсайт хөгжүүлэх зорилгоо тодорхойлох
Тухайн бизнесийн онцлог, стратеги, зорилго, зорилтоос хамаарч дараах төрлийн вэбсайтууд бүтдэг. Та ямар төрлийн вэбсайт хийлгэхээ сонгох нь таны эхний алхамуудын нэг юм. Танилцуулга (Branding), онлайн борлуулалт (E-commerce), захиалга, бүртгэлийн систем, харилцагчийн үйлчилгээ (Support) гэх мэт төрлүүдэд хуваагддаг. Мөн хэрэглэгч тань бизнесийн байгууллага уу? эсвэл хувь хүн үү? гэдгийг тодорхойлох нь маш чухал.
2. UX/UI дизайн ба хэрэглэгчийн туршлага
Хэрэглэгчид хэрэглэхэд хялбар, ойлгомжтой, суурин компьютер, гар утас, таблет тус бүрд нь нийцсэн, танай бизнесийн өнгө төрхийг илтгэсэн дизайнтай, нэвтэрч ороход хурдан ачаалалдаг байх хэрэгтэй. Жишээ нь: Ахмад настнуудруу чиглэж вэбсайтаа хийж байгаа бол жижиг үсгийн фонд хэрэглэхээс татгалзах, эсвэл фонтыг томруулах тохиргоотой байх нь хэрэглэгчиддээ ээлтэй байна. Товчхондрр таны дуртай өнгө, үсгийн фонд, загвар төдийлэн чухал биш бөгөөд хэрэглэгчийнхээ эрх ашгийг заавал нэгдүгээрт тавих, вэбсайтаа сайн судалгааны үр дүнд үндэслэн хийх хэрэгтэй. Тэгж чадвал таны вэбсайт хэрэглээ өндөртэй, байнгын ашиглалттай байх нэг нөхцөл нь бүрдэх юм.
3. Вэбсайт хөгжүүлэлтийн технологио сонгох
Дээр өгүүлсэнчлэн код бичүүлэх үү? эсвэл бэлэн платформ ашиглах уу? гэдгээ маш сайн судалж, бодож, багаараа хэлэлцсэний үндсэн дээр сонгох хэрэгтэй. Аль аль нь давуу болон сул талтай гэдгийг та анзаарна гэдэгт итгэлтэй байна. Wix, WordPress, Shopify зэрэг аль хэдийнээ дэлхий нийтийн хэрэглээ болсон, ашиглахад хялбар платформууд бэлэн загвартайгаа намайг ашиглаач гээд байж байдаг юм шүү. Гэхдээ мөн л төлбөр төлнө. Англи хэлний мэдлэг маруухан бол эдгээр платформууд дээр ажилладаг хувь хүн байгууллагуудтай хамтраарай гэж танд зөвлөе. Экспорт хийх стратегитай компаниудад гаднын платформууд тохиромжтой. Яагаад гэвэл тэдгээр платформууд нь олон улсын төлбөр тооцооны шийдлүүдтэй холбогдож ажиллах боломжийг олгодогоороо давуу талтай.
4. Хурд, ачаалал даах чадвар
Вэбсайтын хурд, ачаалал даах чадварыг мөн л нарийн тооцох хэрэгтэй. Хэрэглэгч нэвтрэхэд удаан, уншаад, гацдаг вэбсайтуудаас бид онцын л шаардлагагүй бол тэр дороо л гарчихдаг шүү дээ. Тэгэхээр танай бизнесийн дижитал орчин дахь нүүр царай тийм байж болохгүй гэдгийг хэлмээр байна. Ялангуяа та онлайн худалдааны вэбсайт хийлгэхээр төлөвлөж байгаа бол энгийн үед хэдэн хүн хандах, урамшуулал зарласан, эсвэл улирлын чанартай ачаалал ихтэй үед хэдэн хүн зэрэг хандахад гацахгүй байх талаар вэбсайт хөгжүүлэгчидтэйгээ ярилцаарай.
5. Мэдээллийн аюулгүй байдал
Монгол Улс 2023 онд хувь хүний мэдээллийн аюулгүй байдлын тухай, нийтийн мэдээллийн аюулгүй байдлын тухай гэх мэт багц хуультай болж 109 хуульд мэдээллийн технологитой холбогдуулан нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн Санхүүгийн зохицуулах хороо болон Монгол банкнаас гаргасан олон дүрэм журмууд бий.
Магадгүй та харилцагч, хэрэглэгчийнхээ боловсролын, санхүүгийн, эрүүл мэндийн зэрэг маш олон эмзэг, онц чухал, мэдээллийг хадгалах хэрэгцээ шаардлагатай бол дүрэм журмуудтай сайтар танилцахыг зөвлөж байна.
Түүнчлэн аюулгүй байдлыг тодорхой хэмжээнд хангадаг SSL сертификатыг вэбсайттай холбосон эсэхийг тодруулах эсвэл таны вэбсайтыг байршуулах дата төв, серверийн үйлчилгээ нийлүүлэгч тусад нь зардаг бол худалдан авалт хийж, холбох шаардлагатай гэдгийг анхаарна уу. Таны сонголт, шийдвэрээс хамаарч та жил бүр домэйн нэрийн төлбөрөөс эхлэн 300-900 мянган төгрөгийн хооронд зардал гарна гэдгийг мэддэг байхад илүүдэхгүй. Гаднын платформууд багцаар нь буюу нийт дүнгээр нь тооцож, хамгаалалтын, нөөцлөлтийн, байршуулалтын үйлчилгээний төлбөрийг гадаад валютаар авдаг. Шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээг тус бүрд нь худалдан авах тохиолдолд дуусах хугацаа нь ойртоход сануулдаг календарь өөртөө үүсгэж, тохируулаарай. Бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгч компани нь танд дуусах хугацааг нь урьдчилан сануулахгүй өнгөрвөл вэбсайт маань хэсэгтээ бүрэн ажиллагаагүй болно гэдгийг мартуузай.
6. Хайлтын системийн оновчлол
Google-ээс танай вэбсайт болон түлхүүр үгийг бичиж хайлт хийхэд хамгийн дээр гарч ирэх нь танай бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байдаг. Тийм учраас түлхүүр үгээ зөв сонгож тохируулах, вэбсайтын бүтэц, хуудасны хурд SEO-д буюу хайлтын системд оновчтой тохируулж чадсан эсэхийг хөгжүүлэгч компани болон хувь хүнээсээ лавлаж асуугаарай.
7. Контент, медиа агуулга
Компанийнхаа эрхэм зорилго, алсын хараа, уриа үг, стратеги, брэндбүүкээ тодорхойлоогүй, ямар зураг хөрөг, текст харуулахаа бүрэн шийдээгүй мөртлөө вебсайт хийлгэх хүнээ болон компаниа хайж эхэлдэг шүү та нар минь. Вэбсайтаа хийлгэхэд та бүхний оролцоо төлбөр төлөөд өнгөрөхөөс ч их байдаг юм шүү.
Өндөр нягтаршил бүхий чанартай зураг, видео ашиглах бол эртнээс бэлдэж байх хэрэгтэй. Чанартай, нэг стандарттай, мэргэжлийн түвшинд авсан зураг вэбсайтыг маш гоё харагдуулдаг.
8. Засвар үйлчилгээ, шинэчлэлт
Вэбсайтаа хэн хариуцаж, ажиллах болон мэдээ мэдээллийг хэн тогтмол оруулж байхаа гүйцэтгэгч талтайгаа харилцан тохиролцох, вэбсайтын мэдээлэл нөөцлөгдөх буюу давхар хадгалагдаж байгаа эсэх, ямар эрсдэл үүсвэл, хэдий хугацаанд нэмэлт төлбөртэй болон төлбөргүй аль тал нь шийдэх, хариуцан ажиллаж, арга хэмжээ авах зэрэг нь хамгийн чухал. Вэбсайтын аюулгүй ажиллагаа болон хэрэглэгчийн зан төлөв, мэдрэмж, хууль эрх зүйн орчны өөрчлөлт зэргээс хамаарч тогтсон хугацаанд, төлөвлөгөөт шинэчлэл сайжруулалтуудыг хийж байгаарай.
Нэг зүйлийг мартах шахлаа. Вэбсайт тань танай хэрэглэж буй бусад систем, и-мэйл, сошиал платформууд болох Facebook, Instagram, TikTok... -той холбогдон ажиллаж байвал 1-2 хүний цалингийн зардлыг хэмнэхийн зэрэгцээ дижитал шилжилтийг илүү амжилттай хийж бүтээмжээ нэмэгдүүлснийг илтгэнэ.
Бид таны бизнест тохирсон дижитал шийдлийг санал болгож хэзээд хамтран ажиллахад нээлттэй гэдгийг илэрхийлэхэд таатай байна. Цаг, мөнгөө хэмнэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Comments